“ЦАХИМ АЯЛАЛ” ЯАГААД ЭХЭЛСЭН БЭ?
Техник технологи хөгжихийн хэрээр хэдэн мянган жилийн туршид ашигласаар ирсэн уламжлалт, хэвшмэл арга барил үеэ
өнгөрөөж, хүмүүс цаг хугацаа, хөрөнгө мөнгө, ажил хөдөлмөрийг нь хөнгөвчлөх шинэлэг, дэвшилтэт зүйлс рүү илүү тэмүүлж байна.
Тухайлбал, өмнө нь зүрхний цохилтоо үзүүлэхийн тулд эмнэлэг явдаг байсан бол одоо ухаалаг цагнаасаа харчихдаг болсон. Мөн мөнгө шилжүүлэхийн тулд банк ордог байсан бол одоо утсандаа аппликейшн суулгаад, хүссэн цагтаа шилжүүлдэг болсон гэх мэт олон жишээ дурдаж болно. Үүнтэй адил боловсролын салбарт ч ийм цахим шилжилт хийгдэх нь цаг хугацааны асуудал байсан бол дэлхий нийтийг хамарсан КОВИД-19 цар тахал уг үйл явцыг хурдасгаж өгсөн юм.
Цар тахлын үед хөл хорионд орж, сургууль цэцэрлэг хаагдсаны улмаас уламжлалт танхимын сургалтаас татгалзаж, цахимаар хичээлээ явуулах болсон.
Гэвч хүүхдүүд бүрэн дүүрэн хичээлээ ойлгож, үр дүнтэй сурч чадахгүй, харин ч бүр залхах хандлагатай байв. Энэхүү нөхцөл байдлын учир шалтгааныг тодорхойлохоор НҮБ-ын Хүүхдийн
Сан “Теле хичээлийн үр дүн” судалгаа (2022 он)-г явуулахад, хэдий техник технологи ашиглаж байгаа ч танхимаар үздэг агуулга, уламжлалт заах арга барил хэвээр байсан нь ийм таагүй байдлыг үүсгэжээ гэсэн дүгнэлтэд хүрсэн юм. Тиймээс сургалтын агуулга, материал, арга барил зэргийг дахин шинэчилж баяжуулах, онлайн сургалтын арга барилд
нийцүүлэх зайлшгүй шаардлага хэрэгцээ байна хэмээн үзсэн.
Ингээд хүүхэд бие даан үзэхэд сонирхолтой байх арга барил, хэлбэр загвар, агуулгыг эрэлхийлж эхэлсэн. Эцэст нь Боловсрол, шинжлэх ухааны яам НҮБ-ын Хүүхдийн Сантай
хамтран хүүхдийн оролцоог дэмжихүйц шинэлэг аргазүйг ашиглан, технологийн шийдэлд тулгуурласан, тоглож хөгжилдөнгөө хичээлээ давтах боломжтой интерактив хичээл
бүтээхээр шийдэж, “Цахим аялал” төслийг эхлүүлсэн түүхтэй.
Суралцагч төвтэй контент
Хүүхдүүдийн авьяас, хүсэл сонирхол харилцан адилгүй. Тиймээс дан ганц
танхимд нийтээр олгодог сургалтаас гадна хүүхэд бүрийн онцлог, хэрэгцээ
шаардлага, сонирхолд нийцсэн, бие даан суралцах, хөгжих боломжоор хангасан, цаг хугацаа, орон зайнаас үл хамааран чөлөөтэй суралцах боломжийг олгохуйц суралцагч төвтэй хичээлүүдийг бүтээж байна.
Интерактив контент нь танхимын болон танхимын бус сургалтыг дэмжих чухал хэрэглэгдэхүүн болж, суралцах үйл явцыг тасралтгүй явуулахад түлхэц болно.
Интерактив хичээл нь 3-5 минутын анимейшн болон 3-4 үе бүхий мэдлэг
бататгах тоглоом гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ. Интерактив тоглоомын хувьд нэг хичээлд л гэхэд хэд хэдэн төрлийн тоглоом, олон боломжит хувилбарыг багтаасан тул хүүхэд уйдаж залхахгүйгээс гадна тухайн хичээлийг цогцоор нь сурах боломжтой.
“Цахим аялал” төслийн хүрээнд бүтээсэн интерактив контентуудаас дуртай сэдвээ сонгон малчны хотонд, сумын төв, хот суурин газар ч үзэж тоглох боломжтой.
Интерактив хичээлийг боловсролын мэргэжилтнүүд, бага ангийн багш, аргазүйч нарын судалгаа шинжилгээ, туршлагад тулгуурлан зураач, график дизайнер, программист, дуу оруулагчид гээд олон уран бүтээлч хамтран бүтээснээрээ давуу талтай.
Хичээл бүрийг сургуулийн өмнөх болон бага боловсролын сургалтын хөтөлбөр, суралцахуйн зорилтуудад нийцүүлэн бүтээсэн.