“ЦАХИМ АЯЛАЛ” боловсролын талбар

Одоогоор сургуулийн өмнөх болон бага боловсролын 143 интерактив контент 90 аудио хичээл бүтээгээд байгаа бол цаашид сургуулийн өмнөх болон бага боловсролын 700 орчим суралцахуйн зорилтын хүрээнд интерактив контент бүтээх хэрэгцээ шаардлага бидэнд бий.

“Цахим аялал” төслийн хүрээнд боловсролын цогц талбарыг бүтээхэд дараах бүтцийн дагуу ажиллана.

Ухаалаг шийдэл

Цаашид олон улсад нэвтрүүлж буй шинэлэг технологийн шийдлүүд дээр тулгуурлан хүүхдийн хүсэл сонирхол, нас, сэтгэхүйд нийцсэн, чанартай, хүртээмжтэй байлгах тал дээр анхаарч, дэлхийн жишигт нийцсэн цахим сургалтын талбарыг бүтээнэ.

Тухайлбал, суралцагч өөрийн хүссэн хичээлийг хүссэн үедээ тоглоомын аргаар гүнзгийрүүлэн үзэж судлах, мэдлэгээ бататгах, нөгөө талаас хиймэл оюун ухааны тусламжтайгаар суралцагчийн сурах үйл явцыг хянах, засаж залруулах, дэмжин туслах, хүүхдүүд хоорондоо харилцах, хамтдаа тоглох, суралцах боломжийг бүрдүүлсэн боловсролын цогц цахим талбарыг бүтээх томоохон зорилго тавиад байна.

Энэхүү төслийг хэрэгжүүлснээр хүүхдийн хүсэл сонирхол, идэвх оролцоог дэмжсэн, хичээлийн агуулгыг бүрэн багтаасан, хиймэл оюун ухаанд
суурилсан боловсролын цогц цахим талбарыг бий болгоно.

Мөн хүүхдийн хичээл хийх сэдлийг төрүүлэх, урамшуулах үүднээс тодорхой үе шаттайгаар цол юм уу, цом авах боломжийг бүрдүүлж, хичээл хийх цагийг нь сануулах, ямар хичээлд түлхүү анхаарах хэрэгтэй байгаа тухай мэдээг notification хэлбэрээр хүргэдэг болно.

Уг цогц боловсролын талбарт зөвхөн суралцахуйн зорилт тусгагдаад зогсохгүй хүүхдийн сэтгэн бодох чадвар, хөгжлийг дэмжих шинэлэг сэдэв, агуулгыг багтаана.

 

“ЦАХИМ АЯЛАЛ” боловсролын талбарыг бүтээхэд дараах судалгааны болон хөгжүүлэлтийн багууд ажиллана.

  • СУДАЛГАА
  • БОЛОВСРОЛЫН АРГАЗҮЙ
  • AI ХӨГЖҮҮЛЭЛТ
  • ПРОГРАММ ХАНГАМЖ ХӨГЖҮҮЛЭЛТ
  • КОНТЕНТ ХӨГЖҮҮЛЭЛТ

Хөгжүүлэлтийн баг

  1. СУДАЛГААНЫ БАГ

    Судалгааны баг нь олон улсын түвшинд хийгдсэн ижил төстэй бүтээгдэхүүн, технологийн ололт, амжилтуудад үндэслэн хүүхдийн нас,
    сэтгэхүй, мэдлэг, оюуны хөгжлийн онцлогт тохирсон талбар, контент боловсруулалттай холбоотой болон хиймэл оюун ухаан буюу AI
    сургахад шаардлагатай дата цуглуулах, датагаа боловсруулан дүгнэлт гаргах ажлыг хийнэ. Тус ажлын 5-аас дээш жилийн туршлагатай
    судалгааны байгууллагууд хариуцан гүйцэтгэнэ.

  2. БОЛОВСРОЛЫН АРГАЗҮЙН БАГ

    Туршлагатай багш, аргазүйч, судлаач нараас бүрдсэн аргазүйн баг нь сургуулийн өмнөх болон бага боловсролын цөм хөтөлбөрийн суралцахуйн зорилт, судалгааны багийн дүгнэлт зэрэг дээр үндэслэн хүүхэд бүрийн онцлог, хурд, чадварт тулгуурласан хичээлийн аргазүйг боловсруулан хөгжүүлэлтийн багтай хамтран контентуудыг хөгжүүлнэ.

  3. AI ХӨГЖҮҮЛЭЛТИЙН БАГ

    AI хөгжүүлэлтийн баг нь судалгааны дата, мэдээлэл, суралцагчийн гаргаж буй ахиц, амжилтад үндэслэн AI дээр суурилсан тухайн
    хүүхдийн суралцах хурд, чадвар зэрэгт тохирсон сургалтын хөтөлбөрийг санал болгоно. AI сургах ажлыг хиймэл оюуны салбарт 20 гаруй
    жил ажилласан туршлагатай, хиймэл оюун ухаан дээр суурилсан Чимэгэ аппыг хэрэглээнд нэвтрүүлээд байгаа “Чимэгэ” ХХК гүйцэтгэх
    бүрэн чадамжтай.

  4. ПРОГРАММ ХАНГАМЖ ХӨГЖҮҮЛЭЛТИЙН БАГ

    AI дээр суурилсан вэб, аппликейшнтэй олон улсын стандарт, жишигт нийцсэн боловсролын талбарыг хөгжүүлж, цаашдын тогтвортой,
    найдвартай, аюулгүй ажиллагааг хангаж ажиллах үүрэгтэй. Тухайлбал, вэб контентын хүртээмжийг нэмэгдүүлэх гарын авлага (WCAG) зэрэг баримт бичгийн дагуу ажиллах. Программ хангамж хөгжүүлэгч нь дэвшилтэт технологи ашиглан энэ төрлийн олон улсын жишгийн дагуу тухайн насны хүүхдүүдийн хэрэглээний чадамжид тулгуурласан шинэлэг арга технологийг сонгон программчлалыг хөгжүүлнэ. Монгол улсын хэмжээнд энэ виртуал орчны болон энгийн системийн хөгжүүлэлтийг бүрэн хөгжүүлэх боломжтой 5-аас дээш жилийн туршлагатай компаниуд ажиллана.

  5. КОНТЕНТ ХӨГЖҮҮЛЭЛТИЙН БАГ

    Багш, аргазүйч, уран бүтээлчидтэй хамтран контентын агуулгыг боловсруулан хүүхдийн суралцахуйн зорилтод нийцсэн хүүхдэд ээлтэй
    удирдлага, дэлгэцийн зохиомж бүхий анимейшн, сонсдог ном, дижитал ном, интерактив тоглоом, интерактив дасгал ажил зэргийг боловсруулан хөгжүүлнэ. Уг төслийн хүрээнд СӨБ, ББ нийт 700 орчим контент бүтээх шаардлага хэрэгцээ байгаа бөгөөд “Цахим аялал” талбарт орох контентыг “Марчаахай” ХХК, ”Монгол контент” ХХК, “Номадик бэйр гэймс” ХХК-иуд бүтээх чадвартай. Эдгээр компаниуд НҮБ-ын Хүүхдийн Сангийн захиалгаар “Цахим аялал” төслийн хүрээнд аудио болон интерактив контентыг бүтээж байсан арвин туршлагатай. Хүүхдүүдэд сонирхолтой, шинэлэг арга хэлбэрээр тасралтгүй суралцах боломжийг бүрдүүлсэн “Цахим аялал” интерактив контентыг бид бүтээсээр байгаа билээ. Одоогоор сургуулийн өмнөх болон бага боловсролын 143 интерактив контент, 90 аудио хичээл бүтээжээ.

Хэрэглэгч

“Цахим аялал” талбар нь гурван хэрэглэгчтэй байна.

    • Суралцагч
    • Багш
    • Эцэг, эх, асран хамгаалагч

Суралцагч

Суралцагч нь эцэг, эх, асран хамгаалагчийн тусламжтайгаар хувийн мэдээллээ бүртгүүлснээр талбарт нэвтрэх өөрийн эрхтэй болно. Энэхүү эрхээрээ нэвтрэн орж контентуудаа үзэж, тоглож, уншиж өөрийгөө хөгжүүлэн, мэдлэгээ нэмэгдүүлэхээс гадна гаргасан ахиц, амжилтуудаа хянах, урамшуулал авах, бусадтай гаргасан ахиц, амжилтаа харьцуулах боломжийг бүрдүүлнэ.

Багш

Багш нь тус талбарт өөрийн эрхээр нэвтрэн орж, ангийн хүүхдүүдийн гүйцэтгэсэн даалгавар, мэдээллийг цуглуулан хүүхдийн суралцах явцад дэмжлэг үзүүлэх контентуудыг санал болгох, хүүхдийн суралцах үйл явцыг сайжруулах аргазүй боловсруулахад туслах зорилготой.

Эцэг эх, асран хамгаалагч

Асран хамгаалагчид зориулсан хэсэг нь хүүхдийн контентын хэрэглээнд хяналт тавих боломжтой. Тодруулбал, эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдийн үзсэн контент, хийсэн дасгал ажил, тоглоход зарцуулсан цаг, хэр амжилттай хийсэн зэрэгт хяналт тавьж, тайлан маягаар мэдээллийг авна. Үүнээс гадна хүүхдийн суралцах чадамжийн талаарх мэдээллийг статистик байдлаар харуулах, асран хамгаалагчдад зориулагдсан мэдээлэл, зөвлөмжүүдийг нийтэлж хүүхдийн суралцах чадамжийг дэмжих, дээшлүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлэх зорилготой.

ХҮҮХЭД БҮРД ЭЭЛТЭЙ БОЛОВСРОЛ

mnМонгол